Судлаачид шумуулны малариа өвчнийг эмчлэх шинэ аргыг олж нээжээ.

Дэлхий даяар жилд ойролцоогоор 600,000 хүн малариа өвчний улмаас амиа алддаг бөгөөд үүний ихэнх нь 5 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Малариаг үүсгэгч Plasmodium паразит нь эм шумуул цус сорох замаар халдвар тархаадаг. Малариагийн тархалтыг багасгахын тулд олон арван жил хортон шавьж устгах бодис, хамгаалалтын тор, вакцин зэрэг олон арга хэрэгслийг ашиглаж ирсэн боловч шумуулуудын хортон шавьжны хортой бодист тэсвэртэй болох үзэгдэл нь энэхүү тэмцлийг хүндрүүлсээр байна.
Тэгвэл Харвардын их сургуулийн судлаачид шумуулыг устгах бус, харин доторх малариагийн паразитыг эмчлэх шинэ аргыг нээн илрүүлжээ. Тэд Plasmodium паразитын ДНХ-г нарийвчлан судалж, эмийн хариу урвал үзүүлэх хамгийн эмзэг хэсгүүдийг олсон байна.
Судалгааны баг олон зуун эмээс бүрдсэн сангаас 22 эмийг сонгон авч, эм шумуулд цусны хамт өгч туршжээ. Үүний доторх хоёр эм нь шумуулын доторх паразитыг 100 хувийн үр дүнтэй устгасан аж. Судалгааны үр дүнг нэр хүндтэй Nature сэтгүүлд нийтэлсэн бөгөөд энэхүү хоёр эмийг орон дээрх тор шиг гадаргууд шингээж, шумуул тэнд хүрсэн үед хөлөөр нь дамжин эм шингэж паразит устгадаг шинэ технологийг танилцуулсан байна.
Энэ арга нь үр дүнтэй байх давуу талтай бөгөөд шумуул устахгүй ч паразит нь үхсэн тул малариа дахин тархаах боломжгүй болно. Ингэснээр уламжлалт шавьж устгах бодисод тэсвэртэй болсон шумуултай тэмцэх шинэ гарц үүсч байна.
Доктор Александра Пробст хэлэхдээ:
“Малариаг тараадаг паразитыг шууд оношлон устгах нь шумуулыг устгахаас илүү үр дүнтэй бөгөөд халдварын сүлжээг таслах цоо шинэ арга юм.”
Мөн паразит нь хүний биед халдварласан үед тэрбум гаруй хувь нь байдаг бол шумуулын биед дунджаар 5-аас бага байдаг тул эдгээр эмэнд паразитын дархлаа тогтох магадлал маш бага аж.
Шинэ аргын нэг том давуу тал нь эмийг орон дээрх торонд шингээхэд нэг жилийн турш үр дүнгээ алдахгүй хадгалагдах бөгөөд энэ нь уламжлалт хортон шавьж устгах бодисоос илүү хямд, тогтвортой шийдэл болж магадгүйг харуулж байна.
Одоо энэхүү аргыг лабораторийн нөхцөлөөс гарган, бодит орчинд туршихаар Этиоп улсад судалгаа эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд бүх шатны туршилт, баталгаажуулалт доор хаяж 6 жил үргэлжлэх юм. Гэсэн ч уг судалгаа амжилттай болбол ирээдүйд малариагийн тархалтыг бууруулах том дэвшил, дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарт шинэ үеийн том амжилт болох юм.
Ирээдүйд малариагийн эсрэг эм болон шавьж устгах бодисыг орон дээр зэрэг шингээж, нэг арга бүтэлгүйтсэн тохиолдолд нөгөө нь хамгаалалт болж ажиллах бодлого баримтална гэж судлаачид онцолж байна.